Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай хуралдаж, үйлдвэрлэлийн болон бусад цаг үеийн асуудлыг авч хэлэлцэв. Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тархалтын эсрэг авах хариу арга хэмжээ эрчимжүүлж, шинээр төлөвлөн ажиллаж байгааг цех хэлтсийн удирдлагууд онцолж байна. Өнгөрсөн баасан гаригт аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу  үйлдвэрийн хэмжээнд шинж тэмдгийн тандалт судалгааг хийж эхэлснийг Шуурхай штабын дарга Д.Мөнхболд мэдээлэв. Тандалт шинжилгээг Эрдэнэт сувиллын цогцолборын мэргэжлийн багтай хамтран, ажилчдын дунд шинж тэмдгийн асуумж  бөглүүлэх аргаар зохион байгуулж байгаа аж. Мөн чихрийн шижин, илүүдэл жинтэй зэрэг суурь өвчтэй эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулсан бөгөөд одоогийн байдлаар нийт ажилтны 50 хувь нь асуумжид хамрагджээ. Энэ ажилд цех нэгжүүд идэвхтэй оролцох, ажилтнууд ажлын байранд нэвтэрхээс өмнө өөрт илэрч буй шинж тэмдгийг үнэн зөвөөр бөглөх зэрэгт удирдлагын зүгээс анхаарч, хяналт тавьж ажиллахыг Шуурхай штаб сануулав. 

       Шуурхай зөвлөгөөнд Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрийг танилцуулсан. Цар тахлын халдвар нэмэгдэж байгаа тул аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 30 хүртэл сунгахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал өнөөдөр гарна. Тушаалаар аймгийн Онцгой комиссоос гаргасан корона вирусийн эсрэг авах шийдвэр, уриалгыг үйлдвэрийн хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, анхаарал сэрэмж, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллах шаардлагатайг Ерөнхий инженер онцоллоо. Түүнчлэн дээрх шийдвэрүүд үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах болон үйлдвэрлэлийн онцлогтой уялдан гарах учраас ажилтан бүртэй тулж ажиллаж, халдвар хамгааллын зөвлөмж хүргэхийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүтцийн нэгжийн удирдлагуудад анхааруулав. Үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн технологийн үйл явц хэвийн үргэлжилж, төлөвлөгөөт засвар, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгааг холбогдох цех хэлтсийн дарга нар мэдээллээ. Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба хамтран Хаягдлын аж ахуйд хийж буй зуны хаялтын тоос дарах ажил үр дүнтэй болж, дэгдэлтийн талбайд 90 хувийг нь дараад байгаа аж. Хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 282 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 177 нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн газрын даргаар ахлуулсан яамдын хамтарсан ажлын хэсэг ирж, үйлдвэр технологийн паркийн бэлтгэлтэй танилцах, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийнхний энэ оны хамгийн том зорилтуудын нэг болох Үйлдвэр технологийн парк барьж, байгуулах ажлын дэс дараалал, хугацааг нарийвчлан төлөвлөх талаар  Ерөнхий захирал ажил хариуцсан мэргэжилтнүүдэд чиглэл өглөө.