АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА  

        Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1973 оны 02, 11 дүгээр сарын хэлэлцээрийн дагуу хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон Эрдэнэт хотыг барьж байгуулах иж бүрэн зураг төслийг зөвлөлтийн өнгөт металлуургийн үйлдвэрийн зураг төслийн “Гипроцветмет” институт удирдан хийж 1974 оны 10 дугаар сарын 01-нд байгуулагдсан зөвлөлтийн “Медьмолибденстрой” (ММС) барилгын нэгтгэл бусад монголын барилгын байгууллагуудтай хамтран барилгын ажил эхэлсэн цаг үеэс тус үйлдвэрийн бичиг баримт, техник барилгын зураг төслийн материал хуримтлагдаж эхэлсэн түүхтэй билээ.
      “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал В.Шлыковын 1974 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 08 тоот тушаалаар үйлдвэрийн архивыг анх байгуулж, архивын эрхлэгчээр Д.Сэвжидмааг томилон ажиллуулжээ.
      Ерөнхий захирлын 1976 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06 тоот тушаалаар барилгын зураг төсөл, техникийн хэлтсийн архивын архивч-техникчээр З.Г.Сиволобчик томилон ажиллуулжээ.
      “Эрдэнэт” үйлдвэрийн архив нь эхэн үедээ байгууллагын архивын статустай ажиллаж ирсэн бөгөөд архивчид нь орос мэргэжилтнүүд байлаа.
      “Эрдэнэт” үйлдвэрийн архив нь хамтарсан үйлдвэрийн дотоод дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд хотын орон сууцны хороолол, үйлдвэр, албан газрууд, аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүсийн барилга байгууламжуудын баримт бичиг, зураг төсөл, материалыг бүрэн бүтэн хадгалж ашиглуулах зэрэг ажлуудыг хийж ирсэн.
      Үйлдвэрийн үйл ажиллагааны онцлог, баримт бичгийн хэмжээ, ач холбогдлыг нь харгалзан Архивын тухай Монгол улсын хууль гарсантай холбогдуулан Үндэсний Архивын газар “Эрдэнэт” үйлдвэрийн архивыг төрийн архивын журмаар ажиллуулах шийдвэр гаргаж 2002 оны 02 дугаар сарын 11-нд Төрөлжсөн архивын 03007 тоот гэрчилгээ олгосон юм.
       Үндэсний архивын газрын даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 89 дүгээр тушаалаар төрийн архивын статустай болж Батламж авсан.
       Тус архивын эрхлэгчээр 1997-2002 онд С.Баатар, даргаар 2002-2013 онд С.Туул, 2013-2016 онд Ц.Уранчимэг, 2016 оноос Б.Одонтуяа нар ажиллаж байна.
       “Эрдэнэт” үйлдвэрийн архив нь 1999 онд Дэлхийн олон улсын архивын зөвлөлийн Зүүн Өмнөд Азийн салбар зөвлөлийн (EASTICA – East Asian Regional Branch International Council on Archives) гишүүнээр элсэн орсон юм.