Он солигдох зааг дээр тухайн жилийн шилдгүүдээ тодруулан алдаршуулдаг ёслолыг энэ удаа 45 жилийн ойн баяртай хамтатгасан нь баяр дээр баяр нэмсэн онцгой шийдэл байлаа. Хангарьд паласын уужим танхимд үйлдвэрийн бүх цех нэгжийн удирдлага, ажилтны төлөөлөл, хөдөлмөрийн баатар, гавьяатууд, зочид, гадаад дотоодын хамтран ажиллагч, түнш байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, 2023 оны Эрдэнэт үйлдвэрийн шилдгүүдийг хамтдаа алдаршуулан, баяр хүргэв. Оны шилдгүүдийн эгнээнд багтаж, алдрын жагсаалтад нэрээ мөнхөлсөн 17 шилдгүүд дунд залуус олноор тодорсон нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй буйг илтгэх шиг.
2023 оны “Оны шилдэг залуу ажилтан”-аар Геологи, хайгуулын экспедицийн Геофизикч Өлзийн Цэрэгхүү, Засвар, угсралтын цехийн Мастер Чимэддоржийн Мөнхбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн Дэд профессор Алтанбатын Түвшинжаргал, “Оны шилдэг ажилчин”-аар Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан ба хийн гагнуурчин Цэнд-Аюушийн Эрдэнэчулуун, Засвар, механикийн заводын Механик цехийн Тоног төхөөрөмжийн засварчин Ноосонхөхийн Мөнхбат,Ган бөөрөнцгийн цехийн Цахилгаанчин Чойндонгийн Бат-Эрдэнэ, “Оны шилдэг шинийг санаачлагч”-аар Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварын механикч Сүхбаатарын Ууганбаяр, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Тоног төхөөрөмжийн засварын механикч Ажаагийн Бямбасүрэн, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн Засварын мастер Тэгшбаярын Ганболд, “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн Цахилгаан автоматикийн инженер Цолмонгийн Батхүү, Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн Химийн инженер Маналжавын Даваажав, Соёл, урлагийн цогцолборын Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын Найрал дууны багш Бумбаашийн Нарантуяа нар тус тус тодорсон бол “А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсгийн Засварчин Букреев Владимир Иванович, Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн Хүнд даацын машины жолооч Очирын Гансүх, Цахилгаан цехийн Үйлдвэр техникийн товчооны Горим тооцооны инженер Хаянхярваагийн Долгормаа нар шагнагдлаа.
Түүнчлэн Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга Цэвэгдоржийн Шинэдорж “Оны шилдэг удирдах ажилтан” болж, “Шилдгийн шилдэг ажилтан”-аар Ил уурхайн Уулын ажлын хэсгийн Экскаваторын машинч Пүрэвнямын Пүрэвдорж тодорсон. Шилдгүүдийн шагналыг үйлдвэрийн удирдлагууд гардуулан, ажилтан бүрт зориулан хийлгэсэн хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл малгай, хантаазыг өмсгөн баяр хүргэлээ.
Шилдэг ажилтнаа шагнал гардан тайзнаас буухад өөрийн цех нэгжийн удирдлагууд нь тосон авч, халуун дотноор тэврэн баяр хүргэх дүр зураг энэ үйл явдлын хамгийн сэтгэл хөдлөм торгон агшин байсныг тодотгомоор.