Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж, “ковид-19” цар тахлын халдварын тархалт, түүний эсрэг авах арга хэмжээний асуудалд анхаарлаа хандууллаа. Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж эхэлснийг ХАБЭА-н хэлтэс, Шуурхай штабын дарга Д.Мөнхболд танилцууллаа. Тухайлбал, халдвар олноор батлагдсан Засвар механикийн заводын ажилтнуудыг тусгай автобусаар тээвэрлэж, өдрийн хоёр ээлжийн горимд шилжүүлсэн байна. Мөн тус завод болон бусад цех нэгжүүдэд байрлах хоолны газруудын хоолны цагийг сунгаж, цөөн хүн нэг урсгалаар орж гарах зэрэг зохицуулалт хийж эхлээд байна. Түүнчлэн ажилчид аль болох бөөгнөрөхгүй байх, хоолны газраар үйлчлүүлэхгүй гэрээсээ хоолоо бэлдэж ирэх, хоолны мөнгийг олгох, ажлын байрандаа идэх зэрэг боломжуудыг судалж байгааг онцлов. Мэргэжлийн байгууллагууд цар тахлын халдвар нэмэгдэж буй нөхцөл байдалд урьдчилсан тандалт шинжилгээ хийж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар, батлагдсан тохиолдлуудын маршрут болон хот хооронд зорчих, олуулаа цуглаж агаар салхинд гарах, айлд зочлох зэрэг хувь хүний анхаарал сэрэмжгүй, ухамсаргүй үйлдэлтэй холбоотой шалтгаанууд бүртгэгдсэн байна. Дээрх мэдээллийн дараа үйлдвэрийн хэмжээнд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, цаашид нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн шуурхайлахыг Ерөнхий захирал үүрэг болголоо. Мөн бүтцийн цех нэгжийн удирдлагууд ажилтан бүрд халдвар хамгааллын зөвлөмжийг хүргэх, сахилга хариуцлагыг өндөржүүлэхийг анхаарууллаа.
Шуурхай зөвлөгөөнд уламжлал ёсоор цехийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн ажлын үйл явцыг мэдээлэв. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, их засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгааг онцолсон. Тухайлбал, Хаягдлын аж ахуйд цагаан тоосны хэмжилт хийгдэж, тоос дарах ажил үр дүнтэй байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа мэдээлсэн бол хавар, зуны бэлтгэл ажил 62 хувиар биелсэнийг Үйлдвэрлэлийн хэлтэс танилцуулав. Ус хангамжийн цехэд суурилуулж буй 3 дугаар цэвэрлэх шугамын туршилт болон Дулааны цахилгаан станцын 1 дүгээр зуухны их засвар өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дүгнэлт хийж, Төв штабын хурлаар хэлэлцэх, тархалтыг хумих ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.