Энэ жил хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэн, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулж "Хүн-Эх дэлхий-сансрын уудам" сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр нээгдлээ.
  Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны зочид төлөөлөгч нар оролцсон бөгөөд БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ “Өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний хурал хийж, бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудыг хүлээн авч уулзсан. Энэ хурлаар бид сансрын шинжлэх ухааны олон том ажлыг эхлүүлэх талаар хэлэлцсэн. Төрийн дээд одон медалиар шагнуулсандаа миний бие туйлын баяртай байна. Энэ шагнал бол ард түмэн, улс орон, хамт хүчин зүтгэдэг орос анд нөхөд ялангуяа миний дотны анд, сансрын нисгэгч М.Ганзоригийн минь шагнал. Мөн хойд хөрш болох ОХУ-тай найрамдалт харилцаа тогтоосны давхар баяр гэж бодож байна” хэмээн онцлон хэлэв.
  Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй “БНМАУ-ын сансрын нисгэгч” цол бий болгосон болон “БНМАУ-ын баатар” цолыг Монгол Зөвлөлтийн сансрын нисгэгч нарт олгосон АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигууд, Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харуулсан ховор гэрэл зургууд, баримтат кино болон сансар судлалтай холбогдох сонирхолтой архивын баримтуудыг дэлгэн үзүүлж байна.



      Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнав. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнаж буйг ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов уламжилж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав.
      Үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын сансрын технологийн холбоо, "Марс-В" төсөл, "Монсаат" болон МУИС-ийн "Мазаалай" хөтөлбөр зэрэг байгууллагаас зохион байгуулж оролцлоо.