Өдгөөгөөс 53 жилийн өмнө 1972 онд Эрдэнэтийн овооны зэс-молибдений ордыг эзэмших ТЭЗҮ батлагдаж, ордын нөөцийг судлан тогтоож, 1973 онд уг ордыг хамтран ашиглах талаар БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын түүхэн хэлэлцээрүүд байгуулагдан, тэдгээрийг хэрэгжүүлэх ажил шуурхай өрнөж эхэлсэн юм.
      Эрдэнэтийн барилга байгууламжийг барьж байгуулахад залуучуудыг татан оролцуулах тухай БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 304 дүгээр тогтоол гарч, уг тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрт МХЗЭ-ийн гишүүд, Залуучуудыг ажилчнаар элсүүлж МХЗЭ-ийн илгээлтээр ажиллуулах үндсэн нөхцөлийг баталсан байдаг.
     1974-1975 онд үйлдвэрийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, төмөр зам, авто зам, өндөр хүчдэлийн шугам зэрэг дэд бүтцийн болон тэргүүн ээлжийн барилга байгууламжийг барьж эхлэхэд ихээхэн анхаарч энэхүү нөр их ажилд илгээлтийн эзэд болон тээвэрчид, барилгачид, цэргийн анги нэгтгэлийг зохион байгуулалттайгаар татан оролцуулахаар тэр үеийн төр засгийн зүгээс томоохон бодлого хэрэгжүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах чухал чухал шийдвэрүүдийг гаргаж байжээ.
 

       Зохион байгуулалттайгаар татан оролцуулах үйл явдалд уул уурхайн чиглэлээр дээд сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн залуучуудыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамнаас Эрдэнэт үйлдвэрт хуваарилах, цэргээс халагдсан залуучуудыг Батлан хамгаалах яамнаас Эрдэнэтрүү илгээх, бусад мэргэжлийн хүмүүсийг салбарын дээд шатны байгууллагаас томилон ирүүлэх, цэргийн анги, нэгтгэлийг шилжүүлэн хуваарилах, бусад аймгуудаас МХЗЭ-ийн гишүүн залуусыг зохион байгуулалттай илгээснийг “Эрдэнэт” үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар зохих ажил, албан тушаалд томилон ажилд нь хуваарилж байжээ.
 


Илгээлтийн эздийг уриалан дуудав.
 
     Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Эрдэнэтийг залуучуудын хүчээр байгуулах уриалга гаргасан бөгөөд тэрхүү уриалгад “Эрдэнэтийн орд газрыг эзэмшихийн тулд энэ орд газрыг түшиглүүлэн сүүлийн үеийн техникээр өвч төхөөрөмжлөгдсөн асар их хүчин чадалтай ил уурхай, баяжуулах фабрикийн үйлдвэр, Дархан хот орчим Салхит өртөөнөөс Эрдэнэт хүртэлх 170 км гаруй төмөр зам, мөн 160км засварлан тавигдах авто зам, 300 гаруй км цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хүртэлх 70 км ус дамжуулах хоолой болон социалист Эрдэнэт хотын орон сууц, соёл үйлчилгээний иж бүрэн барилга байгууламжийн ажил өрнөх болно” хэмээн уриалан дуудаж МХЗЭ-ийн илгээлт гардсан анхны 54 залуу 1974 оны 8-р сарын 20-нд “Эрдэнэтийн-Овоо”-нд хүрэлцэн ирснээр илгээлтийн эздийн их хөдөлмөр бүтээл өрнөх эхлэл тавигдсан түүхтэй.
1970-аас 1980-аад онуудад төр засагт хүнд хүчир ажил хэрэг рүү эрч хүчтэй залуусыг уриалан дуудах хэрэг гардаг, уриалдаг, илгээдэг байв. Гэхдээ хүнд хүчир ажил гэхээсээ илүүтэй шинэ хот, шинэ суурьшлыг бий болгох зорилготой байв.  


     “Эрдэнэт” үйлдвэрт илгээлтээр очиж ажиллах хүмүүст тэтгэмж, нүүн суурьших зардал олгох, илгээлтээр Эрдэнэтэд ирж ажиллаад авах цалин нь урд авч байсан цалингаас бага байвал зөрүүг олгох, сарын цалин дээр 3 жилийн турш 40 хүртэлх хувийн нэмэгдэл олгох, орон сууцаар тэргүүн ээлжинд хангах, албан байгууллагын мэдлийн сууцанд сууц байгаад Эрдэнэтэд очиж ажиллахаар илгээлтээр явж байгаа хүмүүсийн үлдэж байгаа гэр бүлд нь уг байрыг үргэлжлүүлэн ашиглуулах, цэргээс халагдсан залуучуудыг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн ажилтнаар элсүүлэх, офицерын ар гэрт дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдийг сургуульд хамруулах, автобус унаагаар үйлчлэх, суурин кино, намын сан, гэрэл зураг, номын дэлгүүр ажиллуулах,  зэргээр нийтийн аж ахуйг хөгжүүлэх, айлуудыг телефон утас, зурагттай5 болгох гэх мэтээр илгээлтийн эздийн ахуйн болон соёлын хэрэгцээг хангах, аливаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зэргээр илгээлтийн эздийг татах, Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрт ажилтан бэлтгэх талаар шат дараатай арга хэмжээ авч байжээ.





         Тухайн үедээ Булган аймгийн Эрдэнэт хороо гэх нэртэй байсан хээр талд Эрдэнэт үйлдвэрийг барих төрийн шийдвэр гарч, зөвхөн үйлдвэрт ажиллах олон мянган хүн, тэдний ар гэрийнхэн амьдрах, орчин үеийн хот байгуулах шийдвэрийг МАХН-ын Төв хорооноос гаргажээ.
 

             Илгээлтийн эздээс үйлдвэрт орсон  нь дийлэнх байсан бөгөөд үйлдвэрийн анхны 300-аад ажилтан БНМАУ-ын СнЗ-ийн 1976 оны 14 дүгээр тогтоолоор ЗХУ-д курст сурч байв. Тухайн үед гадаадад сургах, түр курсээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, дотооддоо техник мэргэжлийн сургууль болон үйлдвэрийн сургалтын төвд сургах ажилтны квотыг тогтоож, квотын дагуу ажилтныг сургах, сургалтын зардлыг үйлдвэрийн зардалд багтаах талаар холбогдох шийдвэрүүд гарч байжээ.
     МХЗЭ-ийн илгээлтээр очсон охид, хөвгүүд зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, барилгын мэргэжлийг хурдан эзэмшсэн юм. Ялангуяа ашиглалтын үеийн боловсон хүчин, мэргэжлийн ажилчид бэлтгэхэд үйлдвэрийн дэргэд 1975 онд байгуулсан Сургалтын төв чухал үүрэгтэй байв.
 

      Илгээлтийн эздийн дийлэнх нь мэргэжил, боловсролгүй залуус тул орой ажил тараад мэргэжил дээшлүүлэх хичээл, дугуйланд суулгаж, өрөмдөгч, тэсэлгээчин, замчин, барилгын зэрэг нарийн мэргэжлийг эзэмшүүлж боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр сургалтыг тасралтгүй явуулдаг, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдуулан ажиллуулах, ЗСБНХУ-д сургах талаар дээд газрын тогтоол, шийдвэр, гэрээ, хэлэлцээр, дүрэм журмаар зохицуулсан харилцаа ч хангалттай байв.