Тэртээ 1973 оны хавар буюу 49 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийг барих бүтээн байгуулалтын ажлыг зөвлөлтийн болон монголын барилгачид хамт эхлүүлж байсан.
            Энэ их бүтээн байгуулалтын ажлын талаар товч дурдахаас өмнө Монгол Улсад уулын баяжуулах үйлдвэр барих улс төр, эдийн засгийн ямар ач холбогдол байсныг эргэн дурсах нь зүйтэй.
            Эрх тэгш хамтралын зарчмаар Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулснаар тухайн үед БНМАУ-ыг бие даасан, тусгаар тогтносон улс, төдийгүй хөдөө аж ахуй эрхэлдэг улсад Ази тивийн болон дэлхийн хэмжээний томоохон уул уурхайн үйлдвэр сүндэрлэн босох боломжтой гэдгийг харуулсан юм. Эдийн засгийн хувьд ЗХУ руу илгээх экспортын нөөцийн хэмжээг 100 сая рублиэр нэмэгдүүлнэ, мөн тухайн үеийн социалист нийгэмлэгийн орнуудын зэс-молибдены хэрэгцээг хангах боломжтой болж, ингэснээр Монгол Улсын аж үйлдвэрийн чадамжийг нэмэгдүүлэх төдийгүй төвийн бүс, улмаар улсыг бүхэлд нь хөгжүүлэх үндэс суурь болно гэж тооцоолжээ.
            Бүтээн байгуулалтын ажлын цар хүрээг тоогоор илэрхийлбэл:
            Иж бүрэн техникийн төслийн ерөнхий гүйцэтгэгч нь Өнгөт металлургийн үйлдвэрийн зураг төслийн “Гипроцветмет” улсын хүрээлэн байсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зураг төсөлд ЗХУ-ын хорь гаруй зураг төслийн байгууллагууд оролцсон байна.
            Барилгын ажлын явцад уулын баяжуулах үйлдвэрийн объектуудад дараах хэмжээний ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
            - уулын хөрс хуулалтын ажил – 6,0 сая куб метр,
            - барилга байгууламжийн суурийн нүх, суваг шуудуу гаргах хөрсний ажил – 19,9 сая куб метр,
            - чулуулаг хөрсний зөөлрүүлэлт – 2,1 сая куб метр,
            - угсармал бетонон болон төмөр бетонон хийцийн угсралт – 184,0 мянган куб метр
            - зам засварын ажил – 10,9 мян кв.метр,
            - асфальтын хучилт хийх – 332,2 мянган кв.метр,
            1978 онд жилд 4 сая тонн хүдэр боловсруулах ашиглалтын эхний ээлжийг хүлээлгэн өгөх үед дараах объектуудыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Үүнд:
            - Салхит-Эрдэнэт чиглэлийн төмөр зам /үйлдвэрийн дотоод замтай/ - 1975 онд
            - Дархан-Эрдэнэтийн автозам – 1974 оны 3-р улиралд
            - Орхон-Эрдэнэтийн 220кВт-ын өндөр хүчдэлийн шугамыг 1974 оны 9-р сард, цаашид улсын хил-Дархан-Эрдэнэт чиглэлд 220 кВт шугам – 1976 онд
            - үйлдвэрлэлийн бааз, хангамж, ахуйн үйлчилгээний бааз – 1976 онд
            - 25 мянган м2 талбайтай Эрдэнэт хот 1976 онд, 81,7 мянган м2 орон сууцны талбайг 1978 оны 07 сарын 01 өдөр тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
            Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бүх объектын барилгын нийт үргэлжлэх хугацаа нь 72 сар байснаас, 12 сар нь бэлтгэл үе, эхний ээлж барих хугацаа- 36 сар, төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 24 сар тус тус байсан байна.
            1973 оны 11 сарын 18 өдрийн өглөөний 10.00 цагт Эрдэнэт хотын эхний барилгын суурийг тавихаар ёслолын цуглаан болсон. Тус цуглаанд зөвлөлтийн талаас нөхөр Новиков И.Т., монголын талаас нөхөр Д.Майдар нар үг хэлж нээв. Суурь цутгах ажлыг барилгын мастер Корносенко Анатолий Петрович удирдан явуулсан.
            1974 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэт хот болон үйлдвэрийн барилгын ажлыг Чекашов Анатолий Васильевич удирдаж эхэлсэн.
            1976 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Баяжуулах фабрикийн анхны шоо метр бетоныг цутгасан бөгөөд уг ажлын барилгын 4-р удирдах газрын тэргүүний ажилчин М.Я.Кусик цутгажээ.
            Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн объектуудыг барьж байгуулах хугацааг дараах байдлаар төлөвлөсөн байна:
            - I-р ээлжийг ашиглалтад 1978 оны IV улиралд оруулах
            - II-р ээлжийг 1980 онд
            - III-р ээлжийг 1981 онд
            - IV-р ээлжийг 1982 онд тус тус оруулахаар төлөвлөсөн ба хүдэр олборлох ба боловсруулах хүчин чадлыг жил бүр 4 сая тонн нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
            Техникийн төслөөр цаашид үйлдвэрийн хүчин чадлыг жилд 20 сая тонн хүдэр боловсруулах боломжтойг заасан байдаг.
            Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь дараах байгууламжуудтай байна гэж тооцоолсон. Үүнд:
            - Хүдрийн ил уурхай
            - уурхайн ба Баяжуулах фабрикийн үйлдвэрлэлийн нэгдсэн талбай
            - гараашийн аж ахуйн /БелАЗ болон бусад машин механизм/
            - техникийн хангамжийн бааз
            - хаягдлын аж ахуйн гидротехникийн байгууламж
            - үйлдвэрийн дотоод замын сүлжээ (19,2 км урттай төмөр зам ба 23,5 км урттай автозам)
            - үйлдвэрлэлийн удирдлагын автоматжуулсан системийн инженерийн байгууламж
            Үүний зэрэгцээ үйлдвэрлэл ба эдийн засгийн бүсийг хангах объектуудыг тооцоолсон. Үүнд:
            - тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цутгуурын үйлдвэрлэл, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэл зэргийг гүйцэтгэх Засвар механикийн завод
            - ус хангамжийн объектууд
            - цэвэрлэх байгууламжтай гаднах татуургын объектууд
            - ажлын тусгай хувцас угаах хими цэвэрлэгээний газар
            - 6 зуухтай төвлөрсөн уурын зуух
            - эрчим хүчний хангамжийн объектууд
            - тэсрэх бодисын нэгдсэн агуулах
            - гад командын төв
            - сургалтын төв
            - захиргаа аж ахуйн байр
            Уулын баяжуулах үйлдвэрийн объектуудаас гадна Эрдэнэт хотод модны аж ахуйн (1976-1979 онд) болон жилд 600-650 мянган м2 хивс үйлдвэрлэх хивсний үйлдвэр (1976-1980 онд) барьж байгуулахаар төлөвлөсөн.
            Эрдэнэт хотын эхний ээлжийг дөрвөн бичил хороолол бүхий 15,000 хүн амтай, цаашид 2 дахин өргөжүүлэх боломжтойгоор төлөвлөсөн байна.

 БНМАУ-д уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан түүх /1973 – 1978 оны 10 сар/. СХ-45, Д-3, ХН-13,  СХ-62, Д-1, ХН-3